SUNShine® : Комплимент

Комплимент

Хүмүүс бид яагаад магтуулах дуртай зэмлүүлэх дургуй байдаг вэ? Магтуулах дургуй гэж лав хэн ч хэлэхгүй гэдэгтээ та санал нийлэх байх. “Хүнийг нүүрэн дээр нь магтах хортой” гэдэг тэр нь ч үнэний ортой. Хэмжээнээс хэтэрсэн, олон давтсан, тохироогүй дөвийлгөсөн магтаал мэдээж муу нөлөө үзүүлнэ. Харин энэ үгийг хэт туйлшруулан, буруу зүйл хийхэд нь зэмлэх, буруушан шүүмжлэхдээ ямагт бэлэн байдаг хирнээ магтахдаа харам байх явдал бол наад зах нь дургүй хүргэх, урам хугалах зэрэг муу үр дагавартай. Хүн бүрт л сайн, сайхан аятай тал бий.

Магтаалын үг буюу комплимент  гэдэг нь бусдад ая эв, янз донжийг нь тааруулан чин сэтгэлээс хэлж буй таатай үг юм. Магтаалын үг нь ихэвчлэн тухайн хүнийг магтсан бахдан биширсэн, сайшаасан бас талархсан өнгө аястай байдаг. Бусдын тухай таатай дүгнэлт, магтаалыг үнэн санаанааса хэлэх нь маш сайхан бөгөөд хүмүүсийн харилцааны уур амьсгалд сайн нөлөө үзүүлж бидний амьдралыг улам дүүрэн, сайхан болгон чимдэг.

Гэтэл бид  ялангуяа “хэнэггүй” муу араншингаа “хээгүй” гэж цагаатгадаг монголчууд маань магтаалын найрсаг үг хэлэх, сонсох урлаг, эв дүй дутмаг билээ. Ямартаа л та өнөөдөр сайхан харагдаж байна гэдгийг ч зөвөөр баярлаад хүлээж авж чаддаггүй буруу ойлгодог тал ч байдаг шүү дээ.Аль эсвэл Чи өнөөдөр сайхан болчихож гэвэл урьд нь муухай байснаа өөрчлөгдсөн гэсэн утга давхар агуулагдаж байгаа ч юм шиг ойлгогдох гэх мэт...Магтах гэсэн биш гомдоочих вий гэдгээ бас бодох л хэрэгтэй.

Талын нүүдэлчин удамтай монгол хүн өвөрмөц соёл, өндөр хөгжилтэй суурин иргэншлийнхий тал зассан, найрсаг үгийг зөв хэрэглэж сурахад илүүдэхэд юун.  Америкт явж байхад хүн надтай ойрхон зөрөхдөө л  надад уучлаарай гэж хэлэх нь надад бол их л эвгүй санагдаж байсансан. Яасан гэж уучлалт гуйдаг байнаа ухааны юм бодоол дасаагүй юм гэдэг чинь их эвгүй  юм билээ. Гэтэл бид хүнтэй зөрөөд мөргөлдөхдөө  уучлаараай гэхээсээ түрүүнд хэн нэг нь уурлах ч юм уу замаа харахад яадаг байнаа гэх жишээ бол энүүхэнд шүү дээ.

Бид эцэг эх, үр хүүхэд,  найз нөхөд, цаашилбал, хамт ажиллагсад, танил тал ер нь хэн нэгэнд сайнаар хандаж, халамжлахдаа амар мэндийг эрэх, бие болон ажил төрөл, хичээл сурлагыг нь асуух, цаашлаад чихэр жимс, эд юм өгөх төдийгөөр л хязгаарладаг. Мөн үр хүүхдийнхээ хүчийг тэтгэхийн тулд мах, гурил эсвэл амттанаар дутаахгүйг л бодохоос биш тэдний сэтгэл зүрхэнд хүрэхүйц магтаал, талархал, халамжийн хэдхэн үг хэлэхээ орхигдуулдаг.

Хүүхдийг багад нь л сайн юм хийхэд нь магтаж баярлалаа  хүүхдээ гомдоосон бол уучлаарай гэдэгийг хэлж сургаагүй л бол одоо тэгж хэлдэггүй гэж зэмлэх аргагүй шүү дээ.

Чин үнэнээс магтахад дургуй хүн гэж үгүй. Хүнд байдаг энэ чанаруудыг харгалзан үр хүүхдээ, хань ижлээ улмаар хамт ажиллагсадаа цагийг нь олж, донжийг нь тааруулан магтаж сурах нь зүйтэй. Ингэснээр хэзээ ч, хаана ч, хэний ч дэргэд, таалагдсан хүндээ нүүр улайхааргүй ухаалаг үгсийг олж хэлэх урлагт суралцана. Аливаа зүйлийн сайн сайхан, эерэг талыг нь олж хараад,  хэр хэмжээ, янз маяг нь таарсан үг хэлж  чадна гэдэг нь боловсролтой, соёлтой, бас ухаалаг хүний  л шинж. Хамгийн гол нь магтаалын, сэтгэл зассан үгс энгийн, үнэн байх ёстой. Мөн ямар ч юмнаас хүн залхдаг болхоор байнга л магтаалын үг хэлэх гэсний хэрэггүй. Яг цагийг нь олж, тааруулж хэлсэн магтаалын үг ямар ч шагналаас илүү үр дүнд хүрэх нь бий. Харин үргэлж магтаалын үг хэлээд байвал үнэ цэнээ алдахаас гадна нэг удаа хэлэхээ мартчих юм уу хайхралгүй өнгөрөөвал цаад хүнээ гомдооход хүрнэ.
Заримдаа “Магтаж долигонх, ая тал засах ямар хэрэгтэй юм. Хариуд нь юу авах юм бэ” гэх хүн таардаг. Заавал хүнээс хариу авахын тулд аливаа үйлдэл хийдэг хүн шиг аз жаргалгүй, бүдүүлэг харанхуй хүн үгүй санагдана.  Магтаалын үг сонсоод цаад хүнээ хэрхэн урамшиж, баярлахыг хараад өөрөө таашаал авч, тэр хэмжээгээрээ баяртай жаргалтай явдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Өдгөө “ ёс зүй, заншил, уламжлал” гэсэн нэр томьёотой бүхэнд хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлөх талыг нь харгалздаг байна.

Нэгэн сэтгэл зүйчийн хэлэхдээ. Надтай хамт явсан нэгэн танил маань худалдагчид “баярлалаа” гэж талархал илэрхийлэхэд гайхан: “Мөнгө өгч авчихаад баярлаад байхдаа яахав дээ, Маягтай юм” гэж бувтнаж. Би тэр худалдагчид хурдан шуурхай үйлчилсэнд нь  талархан баярласнаа илэрхийлсэн. Мөн тэр худалдагч орлого оруулсныхаа төлөө, бас эелдэг хандсаныхаа төлөө хариу талархал сонссон юм. Хэрэв автомат лангуунаас товч дараад ундаа авсан бол би баярласнаа илэрхийлэхгүй нь мэдээж. Зөвхөн “мөнгө, ашиг”-аас өөрийг бодохгүй танил маань лав сайхан “дулаан” орчинд өсөөгүй нь харагдаж байна.

”Баярлалаа” гэсэн энэ ганцхан үг ч урам, дэм өгсөн, сэтгэл засах магтаалын үгсийн хамгийн энгийн хэлбэр юм. Хэрвээ бидний харилцаанд иймэрхүү үг хэллэг үгүй байсан бол ямар уйтгартай, бүдүүлэг, хатуу харгис бас машин шиг байх бол.

Донжийг нь олж хэлсэн комплимент харилцаанд  хүссэн өнгө аясыг авчирдаг. Мөн эзггийг нь тааруулж хэлснээр бусдын анхаарлыг өөртөө татаж, санаачлагыг гартаа авч болно. Бүр, наад зах нь хариу магтаал сонсоно. Магтуулсан хүн талархаад зогсохгүй, тэр хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх юм хийхийг боно. Бүр цаашилбал ажилд тус дөхөм болж, бизнест амжиллттай хамтрах эхлэлийг тавьж болно.
Харамсалтай нь чин сэтгэлийн, таатай үгсийн хажуугаар хуурамч, бялдууч магтаал олонтаа оршино.  Ер нь магтаалын үгийг ёс төртэй хүнийг эвгүй байдалд оруулдаг зусар зулгуй, манж үгтэй харьцуулж адилтгаж болохгүй. Гярхай, ухаантай хүнд зусар ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй нь мэдээж. Тэрээр ямагт хуурмаг байдаг тул амжилт олохгүй нь зүйн хэрэг.
Үнэн голоосоо бахдах, зусардах хоёр ямар ялгаатай вэ? Жинхэнэ бахдал нь чин зүрхний, ашиг хонжоо хараагүй, бүхний сайшаал хүлээж байдаг бол зусардал нь хуурамч, аминчхан байдаг. Мөн урьдаас бэлтгэсэн, оновчгүй, хоосон магтаал инээдтэй, тохуурхсан ч юм шиг сонсогдох гэм бий. Харин бие тоосон эсвэл тэнэг хүмүүс зусрыг үл ялган баярлаж хөөрдөг.

Зусар үг хэлж байгаа хүний нүдний харц, бусад хөдөлгөөн дохио зангаанаас мэдэж болно. Үгээ хэлж байхдаа эгцэлж харахгүй, хүүхэн хараа нь нарийсах, эсвэл хэт олон удаа нүдээ цавчих, ёжтой инээмсэглэх, зовхио буулгах, амаа дарах, хамраа долоовроор шүргэх, толгой дагзаа илэх зэрэг хөдөлгөөнийг ихэвчлэн зориуд, зохион хэлж буй магтаалын үед хэлнэ.

Хамгийн сүүлд хэзээ магтаалын үг сонссон вэ эсвэл хэлсэн бэ? Эсвэл баярлалаа уучлаарай гэдэг үгийг?  Санахгүй байвал та одоо эргэн тойрон байгаа хүмүүстээ нэг сайхан үг хэлээд үзээрэй. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)