SUNShine® : Онгод дуудсан Токио

Онгод дуудсан Токио

Дараагийн бичлэг хүртэл нэг үгээр хэлбэл Нью-Йорк хот дахь сүүлийн тэмдэглэлээ оруулах хүртэл жаахан зав муутай байгаа болхоор блогийн нооргоос нэгэн бичлэг оруулав. Энэ бичлэгийн гарчгийг хараад энэ Саншайн хэзээд нь бас Токиод оччихоо вэ гэж бодвоо хэхэхэ.  Би Япон явж үзээгүй л дээ, гэхдээ энд тэндээс уншиж тэмдэглэж байснаа хөрвүүлэн бэлтгэж яг өөрөө явж үзсэн мэт л энэ тэмдэглэлийг нэгэн сэтгүүлд зориулан бэлдэж байсан юм. Японд байдаг хүмүүс уншвал буруу зөрүү юм байж ч магадгүй шүү :)). Нээрээ би хэдэн жилийн өмнө Японы виза хүсэхэд надад татгалзаж байсан юм хэхэ, харин дараа нь АНУ-ын виза мэдүүлэхэд өгч байлаа. Тэрнээс хойш Япон явах хүсэл маань тэгээд л унтарчихсан юмдаг. Одоо чамд виз өгье гэсэн ч тийш явах хүсэл байхгүй болчихсон шд кккк.

Онгод дуудсан Токио


Японыг анх зорьж буй хүмүүс энэ орныг тэнгэр баганадсан барилга, гудамж дүүрэн хүн, техник технологиор төсөөлөх нь бий. Япончууд эртний уламжлалаа дээдэлж, хадгалсан ард түмэн. Япон гэдэг нэрийг сонсоход самурай, гейша, кимоно, сакэ, сумо санаанд ордог билээ. Өнөөдрийн Япон яах аргагүй өндөр технологи, шинжлэх ухаан техникийн ололтоороо тэргүүлэгч. Ганц энэ салбарт ч биш хувцасны сонин содон хэв маягаараа дэлхийн дахины анхаарлыг ихээхэн татсаар байгаа юм.

Дэлхийн II дайны дараа энэ арал дээр Барууны соёл, европ хувцасны хэв маяг дэлгэрч, “эрт гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэдгийн үлгэрээр хүчээ авчээ. Дайнаас хойш Японд европ болон америкчууд ирж очих нь илт нэмэгдэж соёл уламжлал, хувцас загварт нь нөлөөлсөн юм. Ингээд япончууд сүр бараа ихтэй кимоногоо авсаархан даашинз, гонжоомоор, гэтан хэмээх модон шаахайгаа хөлд эвтэйхэн, өндөр өсгийтэй чамин шаахайгаар сольжээ.

Загвар зохион бүтээгч “бяцхан” Ханаэ Мори Барууны хэв маягтай хувцас үйлдвэрлэлийн эцэг болсон юм. Анхдагчийн “Ханаэ Мори” гэсэн шошго арал даяар тарж, Японы өнцөг булан бүрт нэрийн дэлгүүр нь нээгджээ. Улмаар япон дизайнерууд дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлж, дэлхийн загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзлэв. Кензо, Кансай Ямамото, Иссей Мияке, Ханаэ Мори, Еджи Ямамото, Рей Кавакубо нар хувцас загварын философийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Дөчин жилийн тэртээ Парис японы дизайнеруудтай холбогджээ. Дорнын соёл, зэн буддизм, бясалгал Европт ид дэлгэрч байсан цаг. 1970-аад онд Европын загварын тайз эрс өөрчлөгдлөө. Пьер Карден, Лут Феро, Пако Рабанни нар загварын шоундаа өнгөт арьст загвар өмсөгчдийг оролцуулаад зогсохгүй Дорно дахины хувцасны соёл түүхийг ихэд сонирхон загвартаа ашиглах болжээ. Харин зөрүүлээд япон загвар зохион бүтээгч Кензо Европт өөрийгөө тунхагласан юм.

Уламжлал, язгуур угсаагаа дээдэлдэг, ихэмсэг англичууд 1950-иад оноос хуучин байдлаа анзаарчээ. Маш үнэтэй материалаар хийгдсэн энгийн бөгөөд ёс төртэй хувцсаа тайлав. Оронд нь ази, африк, цыган, индианчуудын хувцасны хэлбэр, өнгө орнамент зэргийг хольсон, маш хямд материалтай хувцсыг илүүд үзэх болжээ. Энэ моодыг түгээгчид нь хиппи нар. Ийм хэв маяг 60-аад оны сүүлээр япон залууст ч нөлөөлөв. Гаж сонин хувцасласан япон панк залуус олширч, уламжлалаа шүтдэг хөгшчүүлийнхээ нүдийг духан дээр нь гаргалаа. Саваагүй гэмээр явдал улам хүчээ авч өнөө хэр чамин содон стилийн залгамж тасраагүй яваа юм.

Өнөөгийн Японы загвар ба өнгө ба стиль

Япон залуусын загвар хурц өнгөтэй, зоримог хамгийн гол нь эрх чөлөөг мэдрүүлдэг. Токио хотын гудамжаар тогос шиг, тоть шиг залуустай алхам тутамдаа таарна. Тэд загвараар амьсгалдаг улс. Оготор савхин бариу банзал, өндөр өсгийтэй гуталтай хотынхоо гудамжаар итгэлтэйхэн алхалдаг. Загварлаг залуус том дэлгүүр, төвийн хорооллоор голцуу төвлөрнө. Тийм газрын нэг нь боломжийн үнэтэй бутик, дэлгүүр ихтэй Такешита Дори гудамж. Эндээс хачин чамин цорын ганц загварын хувцсыг олох боломжтой.

Мөн “Store 109” гэж маш загварлаг дэлгүүр бий. Энд хамгийн зоригтой залуус цуглан хувцсаа сонгож, үсээ засуулан, маникюр хийлгэнэ. Худалдагч нар ч нь үйлчлүүлэгчдээсээ дутахгүй гэсэн шиг хувцаслаж, үс гэзгээ янзална. Япон залуус “Моод биднийг хөглөж, хувцас бидний хувьд хобби” хэмээн уралдан хэлнэ.

Гинза. Токио хотын эртний бөгөөд намбалаг гудамж. Хамгийн үнэтэй басхүү хүндтэй Такашимая, Мицукоши, Мацуя, Мацузакая, Микимотогийн араас Барууны алдарт Gucci, Armani, Hermes, Tiffany гэх мэтээр айлсана. Гинзагийн стиль нь дэгжин болоод тансаг. Энд саарал, хар хөх, хар, завсрын өнгүүд голлоно. Эрэгтэйчүүд нь классик гонжоом, эмэгтэйчүүд нь өмд гэхээсээ үнэтэй даашинз, банзал л өмсөнө. Залуус нь ангор, мохер, ноолууран эдлэлийг илүүд үзнэ. Эндхийн хамгийн гол аксессуар дэгжин цүнх.

Шибуя. Токио хотын галт тэрэгний хамгийн том буудал энд байдаг. Түүнийг дагаад төрөл бүрийн хоолны газар, дэлгүүр бий. Өдөр шөнө нь ялгагддаггүй гудамж. Залуу авьястнууд гудамжинд хөгжим тоглож дуулна. Энд моод төрдөггүй харин моодыг туршдаг. Шибуяд “кавай” стиль ноёрхож байна. Япон хэл мэдэхгүй ч кавай гэдэг үгний учрыг дорхноо олно. Охид дэлгүүрийн шилэн лангуун дээрх “Hello Kitty”-г заагаад “кавай” хэмээн дуу алдана. Хачин этгээд цамцан дээр том бантик зүүж, янз бүрийн зүүлт унжуулсан бол кавай! Гар утаснаасаа нохой, муурны зөөлөн тоглоом унжуулсан бол кавай! Ягаан өнгө дагнаж хүүхэлдэй шиг өхөөрдөм хувцаслаж, жижигхэн эгдүүтэй цүнх, шүхэр барьсан бол кавай. Хиймэл сормуус хийж, нүдэндээ гялалзуулагч түрхэн, уруулаа тодоор будаж, судалтай торон трико өмсөж, үсээ янз хурц өнгөөр будаад богино банзал, жинс, савхин өмд гээд хоорондоо зохицсон зохицоогүй зүйлийг хольж өмсдөг энэ стилийг кавай гэнэ. Шибуяд явж байхад япон хүмүүс цэнхэр нүдтэй, шар үстэй юм байхдаа гэж бодогдоно.

Харажуку стиль. Японы загвар, стиль энэ гудамжинд л үүсдэг. Харажуку стиль нь японы өсвөр насныхны дунд дэлгэрсэн. Эндхийн залуус уламжлалт хувцсаа өдөр тутмын хувцсандаа тусгаж эхэлснээр энэ стиль бий болжээ. Барууны шинэ хэв маяг, чиг хандлага гармагц залуус уламжлалт хувцастайгаа хольж шинэ стильүүдийг гаргаж ирнэ. Япон залуус төрөл бүрийн стиль, өнгө будаг хольж юунд ч үл баригдан чөлөөтэй сэтгэдэг юм.

Галт тэрэгний Харажуку буудал дээр Ёоёоги хэмээх цэцэрлэгт хүрээлэн байдаг. Түүний дунд хүний хөл тасардаггүй Мэйжи-жингу сүм бий. Цэцэрлэгт хүрээлэн рүү гүүрээр ордог ба харин энэ гүүрэн дээр бүтэн сайн өдөр болгонд Японы өнцөг булан бүрээс охид бүсгүйчүүд цуглана. Охид хүссэн хүнд уриалагхан зургаа авахуулна. Тэдний хувцсыг тодорхойлох аргагүй. XX зууны зарц, үйлчлэгч шиг эсвэл маангаа гэдэг японы комиксын баатрууд шиг хувцасласан, бүр хүүхэлдэйний даашинз өмсөөд амандаа иштэй чихэр хүлхэж, гартаа зөөлөн тоглоом барьсан сонин содон охидтой таарна даа. Энэ стилийг харажуку гэнэ. Гүүрэн дээр өөр хүний анхаарал татах юм болдоггүй. Зүгээр л охид өглөө цугларан нэг нэгнийхээ зураг хөргийг дарж, бие биенээ сонжино. Ингэж хувцаслахад тийм ч хямд биш, дор хаяж 1000 доллар хэрэг болно.

Харажуку зогсоолын ойролцоо Омотесандо хэмээх дүүрэг байдаг. Тэнд загварлаг кафе, дэлгүүрүүд, галлерей олон. Японы телевизийнхэн энд ирж залуусаас өнөөдөр юу моодонд орж байгааг сурвалжилна. Омотесандод загварын шинэ чиг хандлага төрдөг газар.

Гангуро стиль. 90-ээд оны сүүлээр бий болсон ч ар араасаа шинэ стиль бий болгосоор өнөөг хүрчээ. Токио хотын Шибуя, Ахикабара, Роппонги, Акасака, Икэбукуро дүүргээр явахад хаа сайгүй бор арьстай бүсгүйчүүдийг харж болно. Нүүрээ борлуулсан, нүдээ хулсны баавгайнх шиг болгон будаж, цайвар уруулын будаг түрхэн, өнгө өнгийн хиймэл сормуус хийж, үсээ цайвар шаргалаар буддаг.

Косплей стиль гэдэг нь “дүрийн хувцас” гэж орчуулагддаг. Ийм залуус дуртай кино, видео тоглоом, хүүхэлдэйн киноны баатрынхаа дүрд хувирдаг. Үүнийг харахад япон охид бүсгүйчүүдэд улиг болсон уламжлалт соёлоо эсэргүүцэх маягаар үг хэлэх эрхгүй гэйша, зарц, шивэгчингийн дүрд хувирчээ гэмээр. Энэ стиль Японы маангаа, компьютер тоглоомын баатруудаас үндэслэн бий болдог.

Гот-Лоли. Готик стилийг эрхэмсэг, эмэгтэйлэг, дэгжин хувцастай хослуулан өмсдөг. Гаднаас ажихад хүмүүжилтэй дүртэй, готик маягийн аксессуар чимэглэл зүүсэн шаазан хүүхэлдэй шиг. Хөдөөний бүсгүй, язгууртан, гүнж, гэлэнмаа, дунд сургуулийг сурагч гэхчилэн янз бүрийн дүрд хувирна.

Япон панк. 70-аад онд Лондонд эхэлсэн панк урсгал дээр үндэслэн хөгжжээ. Ямар ч дүрэмгүй дураараа хувцаслан, өвөрмөц содон нүүр будалт, пирсинг хийлгэж, есөн шидийн төмөр чимэглэл зүүдэг.

Декор стиль. Тод өнгийг эрхэмлэж, толгойноосоо хөл хүртэл янз бүрийн зүүлт чимэглэл зүүнэ.

Япон орны соёл урлаг, үндэсний зан заншлыг үзэх гэсэн жуулчдын тоо улам нэмэгдэж байна. Түүнээс гадна дэлхийн загварынхан Токио хотын гудамжаар алхан залуусынх нь гудамжны стилиэс санаа олж онгодоо дуудах гэж, өөрийгөө хөглөх гэж энэ арал руу хошуурдаг болсон билээ.

Японы гудамжны стилийн зургууд үзье гэвэл ийшээ ороорой http://www.japanesestreets.com/ 


Төгсгөлд нь Монгол Контентынхоон! гоү гоү блог маань яагаад л ойр ойрхон болохоо байчихдаг юм бэ???  тэгээд гоүгоү.мн-ы бусад руу нь орж үзэх лээр бүгд ажиллаад байгаа хирнээ блог хэсэг нь л болохгүй болчих юм. Блог хэсгийг битгий шоовдорлооч дээ :(. Уг нь маш олон блог хэрэглэгч байгаа тэр дунд нь би нилээдгүй олон жил хөтөлчихсөн болохоор ийш тийшээ нүүмээргүй дассан газраа л баймаар байна шдэ. Блог хэсэгээ жаахан анхааралдаа аваасай гэж үнэхээр хүсэж байна.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
azula (зочин)

neerei yag ochij uzsen yum shig bichsen baina shu
yaponuud galzuu soliotoi yum shig huvtsaslaad yavj baidag shd hehe

jargal (зочин)

bi japand amidarch baisan ch end bichsen zuilsiin talaar bol sain medehguin baina yamartai ch gudamj delguur zergiig bol medej baina uneheer nud bultiilgemeer humuus yavj l baidag yum gudamjaar
Neg haalga haagdahad neg haalga neegdene gedeg shig l yum bolj de
JP visa avsn baisan bol NY temdegelee bichihgui baih ch baisan yum bilu

Chandmani (зочин)

Yanz ni Japan yavax ni dee :)

chris (зочин)

Odoo japanii vizand orwol shuud garah bailgui :-) Sunshine, NY-t uldsen odruudee saihan ongoruuleerei! NYiin temdegleluudiig chini bugdii ni unshsan. Bayrlalaa

SUNShine®

azula: хэхэ анхаан :)
jargal: анхаан харин тийн, тухайн үед JP явах есгүй байсан юм байх :)
chandmani: хэхэ үгүй дээ ойрын төлөвлөгөөнд лав байхгүй кк
chris: хэй Крис сайн уу ойрд тааралдсангүй :)) миний тэмдэглэлүүдийг алгасалгүй уншсанд чинь бас баярлалаа :))

viva (зочин)

yooo blogiig chen ert medsen bol peee istoi dogi yumnuud bnshdeee yasan ch goi bichdiin bishirmeer yumaldaa lag iin

enkhuush (зочин)

bi tani shig hun bolmoor bn >.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)