SUNShine® : ХҮН

ХҮН

 Блогийнхоо Шүлэг гэсэн буландаа Ренчингийн Чойномын нэгэн шүлгийг хадгалчихья

Хүн

Хорвоогийн хүчирхэг амьтан хүн

Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн

Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд

Байгалийг ялав гэж тунхагласан хүн

Оддын хүрээлэн, орчлон ертөнцөд

Одоохондоо ганцаас илүү гаригт сураггүй байгаа

Оюун төгс дээд төрөлт хүн таньтай

Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө баяртай байна

Гэтэл магтаад байсан аугаа их хүн таныг

Гэр орон, хувь биенээс нь заримдаа олсонгүй

Тэгэхдээ би үзэл бодол эрдмийн тухай яриагүй

Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Хүн гэдэг чинь юу юм бэ? Хаана байна вэ?

Хүүхний гоо сайханд уу? Эрчүүдийн бяр тэнхээнд үү?

Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадварт нь уу?

Шинэ цагийн загвараар хувцасласан биенд нь үү?

Үгүй ээ! Хүн гэдэг зөвхөн

Үстэй толгой доторхи ганц аяга

Үл тайлагдах шингэн алт болсон

Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам

Энэ тархины өчүүхэн хэсгийг гэмтээх

Эсрэг туршилт цус харвалт юм уу, элдэв нян ужиг самууны дутуу төрөлт

Эх орны хил алхсан хорлон сүйтгэгч шүргалваас

Аугаа их хүн гэгч, тэрхүү гавал дотор төгсч

Алд бие, гөрөөс хийгээд малаас дор болмуй

Атаархам үзэмж, бишрэм чадал хоолой

Аварга тэнхээ юу ч байсан хэрэггүй болном

Хүн гэдэг богинохог содон нэр шигээ

Хүний ид шид багахан эмзэгхэн зайд багтамуй

Хэрэв тэр шидэт эрдэнийг гэмтээвээс

Хээрийн тунгалаг горхины ундаргыг дарсантай адил

Ухаан сэтгэхүйн тогоонд дусал хор хаяваас

Ургаж байсан модны угийг хөрөөдөхтэй ижил

Урамтай хурдан онгоцны хөдөлгүүр унтраахтай адил

Улс гүрний засаг сөнөхтэй ялгалгүй

Иймийн учир хүн танаа гуйх нь:

Идэр бага цагаас ухаан мэдрэлээ хайрла

Идэх унтах хийгээд архи, тамхины хороор

Идтэй сайхан түүнийг өстэй юм шиг битгий бөмбөгд

Битгий мэдсээр байж хүн гэдгээ хөнөө

********

Дэлхий юутай арвиныг сая би ойлголоо!

Дэргэд нь хүн хичнээн өчүүхнийг одоо би мэдлээ

Залуу явахад дэлхий бага би том байж

Захад нь төрөөд захад нь өтөллөө! Туулж барсангүй

Явах ёстой замаа урагш харсан чинь

Яасан урт юм бэ?

Яваад ирсэн замаа эргээд харсан чинь

Ямар богинохон юм бэ?

Би үүнээс хойш нэмж чадахгүй нь ээ

Гэм зэмтэй ч хувийн ялалттай ч үүгээр цэглэе!

Дотоод шаталтын хөдөлгүүр болсон хөөрхөн зүрх минь

Доожоогүйдээ биш ачаа нь хүнддээд

Бие, шүлэг, гуниг гурвыг минь даасангүй

Би зүрхгүйгээр явж чаддаг биш

Ер нь ч тэгээд боллоо доо

Ертөнцөд нэг од нь байгаагүй ч мод нь байлаа

Мод шарлалаа

Мод уналаа

Мод унах байтугай

Од харвадаг жамтай

Амьдрал мэдэхээс биш онолыг би мэдэхгүй

Амраг бүсгүйтэй онолоор харьцдаггүй сэтгэлээр харьцдаг

Аль нэг теоремоор талх зүсдэггүй хутгаар зүсдэг

Асар гунигтай цагт жимсээр уйлахгүй нулимсаар уйлдаг

Хүн хүнээ хайрлах хэрэгтэй юм

Гэвч хэмжээтэй хайрлах хэрэгтэй

Хүнд зогсож байгаа дүр гаргах хэрэгтэй

Гэвч үнэнээсээ зогсож үл болно

Хүн, хүнтэй, нөхөдтэй амьдрах хэрэгтэй

Гэвч хүний өөрийн хатуу заагтай байхгүй бол бас сөнөнө

Энэ хорвоод хүн гэгч

Эсвэл хүнд юм өгөх гэж

Эсвэл хүнээс юм авах гэж

Хүн болон төрдөг байна

Өнөр олонд би шүлэг өгөх гэж төрсөн юм байх

Өгнө гэдэг миний цэнгэл жаргал юм

Өгөх ч юм байхгүй авах ч юмаа мэдэхгүй

Өчүүхэн амьтан яваагүй гэж сэтгэл амар буцна

Ингэж бодоход дэлхий арай багасч

Би арай томсох юм


Поль Гоген Бид хаанаас ирсэн бэ? Бид хэн бэ? Бид хаашаа явна вэ?

Энэ зургийн тухайд П. Гоген 1881 онд төрөлх Францыг нь бодвол унаган байгаль, энгийн амьдралтай нийгмийг эрж хайн Таитид ирж хэсэг амьдрахдаа зуржээ. Гоген энэ зургаа өөрийн үзэл бодлын дээд оргил гэж үзэн, зургаа дуусмагц амиа хорлоно хэмээн бодож байжээ. Гоген зургаа баруунаас зүүн тийш харж ойлгох хэрэгтэй гэсэн байдаг. Гурван гол хүн нь зургийн нэрийг тодорхойлж байгаа нь хүүхэдтэй гурван эмэгтэй нь амьдралын эхлэлийг, дунд буй хүмүүс нь өдөр тутмын амьдралын цэцэглэлт, сүүлийн хэсэгт өөрийн бодолдоо үнэнч үхэлд ойртож буй хөгшин эмэгтэйг дүрсэлжээ. Эмэгтэйн өмнө байгаа хачин цагаан шувуу нь “Үг” бол илүүц гэдгийг ард буй хөх өнгийн онгоноор нөгөө ертөнцийг харуулахыг зорьжээ. “Энэ зураг бол миний өмнөх бүх зургаас илүү бөгөөд үүнтэй адил, үүнээс илүүг би дахин хэзээ ч зурж чадахгүй” хэлж байжээ. 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
САНАСААР

их гүнзгий ажэээ цоооооо

Арслантай авдар

Гаити байхаа

Зочин

Санасаар: анхаан
Арслантай авдар: Таити Гаити 2 өөр юм байна лээ төстэй бичигддэг болхоор андуурмаар юм билээ
http://en.wikipedia.org/wiki/Tahiti
http://en.wikipedia.org/wiki/Haiti

jargal (зочин)

bayarlalaa Sunshine
unshij baigaagui shuleg baina

Heaven (зочин)

Уртаар санаа алдаж байгаад, хөнгөн гунигтайгаар уншлаа энэ сайхан шүлгийг..Ая нь бас гоёийн..

Тинкэрбэлл (зочин)

shn utgatai zurag bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)