Interview

Сайн байцгаана уу? Блогтоо update хийлгүй сар болчихжээ. Ийм л завгүй явна өө. Уг нь сонин сайхан ихтэй :). Дараа нь л бөөндөхөөс кккк. Бичих  зав олдохгүй байгаа тул юутай ч 11-р сарын Гоодаль сэтгүүлийн ярилцлагаа блогтоо хадгалчихья.

 Сэтгүүлч: Дэмбэрэлийн Оюунномин

Хүн бүр өөрийнхөө дотоодыг ямар нэгэн арга, хэлбэрээр илэрхийлдэг. Тэрхүү хэлбэр нь тухайн хүнийхээ агуулгыг тээх. Үржнээгийн Юмжирийн хувьд ч өөрийгөө бүтээлдээ ямар ч нэмэр хачиргүйгээр тусгаж чаддаг нэгэн. Нүд алдам, гайхширам, гял цал биш, сэтгэл татам бүтээлүүд нь эзнийгээ бүрэн илэрхийлдэг. Түүнийг тодорхойлж, түүнд хамгийн их ойртож чадах үг бол “энгийн”, “ гэгээ”...

 Өнөөдөр хамгийн түрүүнд ямар дуу сонссон бэ?

Үржнээгийн Юмжир Өглөө бүр намайг сэрээдэг сэрүүлэгний дуу. Чи үгийг нь бараг мэднэ дээ. “Найрамдал” зуслангийн “Шинэ өглөө” гэдэг дуу.

“Үүрийн шувуудын жиргээ шинэхэн

Үүлээр арчсан тэнгэр шинэхэн

Үлээх салхины амьсгаа шинэхэн

Өглөө болгон дандаа шинэ

Шинийг хайх эрлийн өглөө....” энэ дууг сонсоод нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л сэрдэг юм. “Бөхөөхөн унтахыг хүсч байгаа бол хөнжилдөө цэвэр сэтгэлийг авч ор” гэсэн Франклины үг бий. Үдэш сайн унтаж, өглөөд сэтгэл хөнгөн сэрнэ гэдэг маш чухал. Өглөө яаж эхлэх нь тэр өдрийн ажил амьдралд ч нөлөөтэй юм шиг ээ. Би урлагийн ачаар, мэргэжлийнхээ ачаар замын түгжрэлд ч бухимдахгүй байж чаддаг. Учир нь, зам түгжирч байхад би хүмүүсийг ажиглаад, ажлаа хийж л байдаг. Ямар ч хэцүү нөхцөл, тохиолыг зөвөөр ашиглаж л сурахгүй бол өнөөгийн нийгэмд бухимдсаар байгаад таарна л даа.

Д.О. Өглөө болгон ийм дуу сонсоод өөрийгөө хүүхэд хэвээр юм шигээр төсөөлж сэрдэг байх даа. Хүүхэд насныхаа мөрөөдлөөс хожим ч гэсэн бодсоор явсан зүйл танд байдаг уу?

Ү.Ю. Том болоод, олон мөрөөдлөө биелүүлсээр байсан ч бүр багын нэг жижигхэн мөрөөдөл байсан. Орос хүүхэлдэйгээр л тоглож, түүндээ хувцас хийдэг байх тэр үед ангийн маань охин хачин гоё барбигаар тоглодог байлаа. Хүүхэд л болсон хойно түүнд нь нүд унагана. Том болоод тэр барбины тухай мартсан байсан ч хоёр жилийн өмнө би нэг оригинал барби худалдан авч, хөөрхөн хувцаснууд хийж бүрэн хувцаслаад эгчийнхээ охинд бэлэглэсэн.

Д.О. Амьдралын юунд хамгийн их талархаж, бас юугаар хамгийн их бахархдаг вэ?

Ү.Ю. Хорвоод намайг мэндлэхэд урлагийн орчин угтсан. Миний бүхий л дурсамж урлагтай холбоотой. Энэ хувь тавиланд талархаж байна. Би удам угсаа, өвөг эцэг, эмээ, ааваараа, гэр бүлээрээ бахархдаг.

Д.О. Таны өвөө бол нэрт зураач Ү.Ядамсүрэн. Аав тань ч бас монголын уран зургийн түүхийг нэгэн цаг үед бичилцсэн хүн. Урлагийн орчинд төрж өссөн болохоор энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийн тань нөлөө их байсан уу, эсвэл авьяас гэдэг хүнд удамшиж биш, өөр тохиолоор өгөгддөг зүйл үү?

Ү.Ю. Аливаа юм бүхэн ямар нэг учир шалтгааны улмаас бий болдог, тохиодог гэж боддог. Хэдийгээр авьяас байлаа ч хөдөлмөрлөхгүй бол юунд ч хүрэхгүй. Хэцүү байсан ч хамаагүй, болохоос нь болохгүйг хүртэл явах зүрх зоригтой хүн л авьяасаа ашиглаж, үнэд хүргэнэ. Өвөө маань, аав маань их хөдөлмөрч хүмүүс байсан. Эмээ маань 80 гарчихсан байхдаа ч зээгт наамал хийсээр л байсан. Гэр бүлийн тэр орчин, эсвэл юу ч юм намайг төрөлхийн зарчимч, хөдөлмөрч хүн болгож төлөвшүүлсэн. Миний хүсэл, мөрөөдөл дуусашгүй. Хүсэл, зорилго, мөрөөдөлгүй бол амьдрал зогсоно, утгагүй биз дээ. Би тэр бүгдийг биелүүлэхийн төлөө л амьдарч байна.

Д.О. Таныг загварт хөтөлсөн хүчин зүйл юу байсан бол?

Ү.Ю. Мэдээж урлагийн гэр бүл нөлөөлсөн ч сурагч ахуй нас маань бүх хүн адилхан хувцас өмсдөг, картын барааны тэр нийгэмд өнгөрсөн. Бусадтай адилхан хувцас өмсдөг байх нь надад огт таалагддаггүй, “Яагаад би бусад хүмүүс шиг хувцаслах ёстой юм бэ?” гэх асуулт үргэлж намайг дагадаг байв. Долдугаар ангид байхдаа дүрэмт хувцасныхаа хормойноос тайраад, доор нь жийнсээ нарийсгаад өмсчихөж билээ. Хувцсаа өөрчилж өмсдөг болохоор багш нартаа, үе тэнгийнхэндээ янз бүрээр хэлүүлж, зэмлүүлэх үе гардаг л байсан. Аавынхаа хуучин дээлийг эвдээд загварын пальто хийж өмсөнө, үргэлж л өөртөө ямар нэг зүйлийг бүрдүүлэх гэнэ. Хүүхэлдэйндээ, өөртөө хувцас оёж туршилт хийдэг байлаа. Эргээд бодохоор, түүгээр л би өөрийгөө илэрхийлдэг байж. Магадгүй, юм ховор байсан тэр цаг үед, байхгүйгээ бий болгох хүсэл маань л илүү загвар руу хөтөлсөн байх.

Д.О. Та оюутан байхаасаа л “Гоёл” наадамд оролцсон. Томоохон хэмжээний энэ наадамд оюутан хүн мэргэжлийн загвар зохион бүтээгчидтэй эн зэрэгцэн оролцох нь тухайн үед ховор үзэгдэл байсан байх?

Ү.Ю. Оюутан хүн “Гоёл” наадамд оролцоно гэдэг амар байгаагүй нь мэдээж. Бие дааж оролцоно, үүн дээрээс оюутан хүнд бүртгэлийн хураамжаас эхлээд тулгарах асуудал их л дээ. Тухайн үед багш нар эскиз, зургуудыг маань хараад “Чи “Гоёл” наадамд заавал оролцох хэрэгтэй” гэдэг байсан. Нэг удаа оролцчихоор дараагийн удаад нь зүгээр хараад суугаад байж чаддаггүй юм билээ. Наадам дөнгөж дуусангуут дараа жилийнхийг нь хүлээх жишээтэй. Тэр үед оюутан гэгдэх биш, загвар зохион бүтээгч гэж зарлуулж, бүтээсэн загварууд маань тайзнаа амилахад л хамгийн сайхан мэдрэмж төрдөг байлаа. Тухайн үед гэрийнхнээсээ санхүүгийн дэмжлэг авдаг байсан ч дараа нь хувцаснуудаа зарж, захиалгаар хувцас хийгээд зарцуулсан мөнгөө эргүүлээд олчихдог байсан.

Д.О. Таны блог чамгүй олон уншигчтай. Тэнд зөвхөн загварын тухай бус, өөр олон зүйлсийн талаар бий. Бичих гэдэг таны хувьд яг юу вэ?

Ү.Ю. Блогтоо юм бичих нь намайг тайвшруулдаг. Нөгөө талаас энэ нь миний нэг хобби юм л даа. Гол нь би тэнд байгаа бүх зүйлсээр уншигчдадаа эерэг хандлага төрүүлэх юмсан, залууст үлгэр дуурайлал болох юмсан гэсэн сэтгэлээр бичдэг. Сурсан мэдсэн бүхнээ бусдад түгээхийг хүсдэг. Орос сургууль төгссөн, монгол хэл заалгаж байгаагүй надад бичнэ гэдэг амар ажил биш. Харин блог хөтөлснөөр бичих чадвар маань нэмэгдсэн төдийгүй өөрийгөө илэрхийлж сурсан. Үг хэл, яриагаар өөрийгөө илэрхийлж сурахаар юм бүхэн илүү хялбар болдог юм байна.

Монголын хувцас загварын талаарх мэдээлэл англи хэл дээр төдийлөн байдаггүй. АНУ-д сурдаг нэг япон оюутан над руу мэйл бичиж байсан юм, “Монголын загвартай холбоотой болон шилжилтийн үеийн өөрчлөлтийн тухай мэдээллийг хайгаад олохгүй нь. Та надад мэдээлэл өгч туслаач” гэж. Түүнээс санаа аваад монгол дээр бичдэг блогоосоо гадна англи хэл дээр Mongolian style гээд шинэ блог хөтөлж эхэлж байгаа. Мөн оюутан байхад минь мэргэжлийн ном, сурах бичиг хомс байсан болохоор сургуулиа төгсөөд ирээдүйн оюутан, сурагчдад зориулсан ном бичнэ гэж бодсоор явсан. Тэгээд хоёр жилийн өмнө энэ санаагаа хэрэгжүүлж “Хувцасны дизайн” номоо гаргасан. Олон хүнээс талархлын үг сонсож, дахин энэ чиглэлээр гүнзгийрүүлсэн ном бичээч гэсэн санал хүлээн авсан нь надад их урам өгсөн.

Д.О. Бусдын үнэлэмж хэдийгээр чухал биш юм шиг боловч хүнд хамгийн их хэрэгтэй зүйл урмын үг байдаг бололтой...?

Ү.Ю. Тийм шүү. Хүн урмаар тэтгэгддэг болохоор би өөрөө ч гэсэн бусдад урмын үгийг харамгүй хэлэхийг хичээдэг. Миний урлан дээр саяхан нэг 70 гарч яваа эгч ирсэн юм. Ямар эрч хүчтэй гээч. Сонирхлоороо юм оёж урладаг, зүгээр суудаггүй хүн. “Чамд хийсэн хувцаснуудаа авчирч үзүүлнэ. Эгчид нь чамаас сурах юм их байна” гээд орж гардаг болсон. Материалын өөдсөөр дэрний уутнууд хийчихсэн байхыг минь хараад тэр эгч хэдхэн хоногийн дараа өөртөө байсан өөдөснүүдийг бүгдийг нь аваад ирсэн. Чамд хэрэгтэй юм байна гээд. Түүгээр нь би урьд нь бодчихсон байсан нэг загварын хувцсаа хийх гэж байгаа. Яг тохирохоор гоёмсог өөдсүүд байсан л даа. Заримдаа өөдсөөр хүртэл гоё загвар гардаг. Энэ мэтчилэн үг, үйлдлээрээ урам өгдөг сайхан хүмүүс олон байдаг болохоор л илүү их хөдөлмөрлөх хүсэл төрж байна шүү дээ. Тэр эгчийн насан дээр би бас ингээд л явах байх даа гэж бодсон, эрч хүч орсон.

Д.О. Хамгийн сүүлийн шинэ загваруудад тань монгол гэх өнгө аяс давамгайлсан харагдаж байна. Хувцас урлах үндсэн “бичвэр” тань монголын гэх хэллэг юм уу даа гэсэн бодол төрлөө...?

Ү.Ю. Тийм ээ, яг наадах чинь. Би өөрийнхөө загварт монгол гэх хэллэгийг бага ч болтугай заавал шингээж өгдөг. Гэхдээ нүсэр биш, энгийн байдлаар. Нэг талаараа даяарчлагдаад, тогтсон хэлбэр үгүй болж байгаа ч дэлхийн өнөөгийн загварын чиг хандлага өөрөө дорнын өнгө аястай болоод байна л даа.

Д.О. Та загварын санаагаа хаанаас олдог вэ?

Ү.Ю. Санаа янз бүрээр л төрнө. Урьд нь надад Нью-Йоркод л очиж үзэх юмсан гэсэн бодол байсан бол хэсэг хугацаагаар тэнд ажиллаж амьдрах боломж олдсонд баярладаг. Нью-Йорк намайг их өөрчилсөн. Загварын том хотод, орчинд нь ажиллаж амьдрахад өөрийн эрхгүй хүн хөглөгддөг юм билээ. Тэнд байхад үргэлж онгод орж, юм л хийгээд баймаар санагдаад байсан. Мянга сонсохоор нэг үз, юм үзэж нүд тайл гэдэг үг уран бүтээлч бидэнд л зориулагдсан юм шиг ээ. Нэг л газраа эргэлдээд байвал шинэ сонин зүйл гаргаж чадахгүй. Болж л өгвөл орчноо сольж байх хэрэгтэй юм билээ. Сүүлийн коллекцийн маань санаа Нью-Йоркийн Woodstock хотоор аялах үед орж ирсэн.

Д.О. Таны сүүлийн загварууд эмэгтэй хүнийг сайхан, гоё ганган, хараа булаам гэхээсээ илүү энгийн, сэтгэл татам харагдуулах юм шиг. Гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү...

Ү.Ю. Миний хувьд загвараа аль болох амьдралтай ойрхон, энгийнээр урлахыг бодож байгаа. Энгийн байх тусмаа л бүх юм сайхан шүү дээ. Шинэ загварууд маань өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хэрнээ бусдаас ялгарч харагдахаараа онцлог.

Д.О. Мэргэжлээсээ хамгийн их таашаал авч, дотроо шатаж байсан онцгой тохиол тань хэзээ байв?

Ү.Ю. Хийсэн бүтээл бүхэн маань надад өөр өөрийн гэсэн онцгой таашаалыг өгдөг.

Д.О. Мэргэжлээс тань гадна өөр юу таныг хөглөдөг вэ?

Ү.Ю. Би гайхамшигтай амьдралаар амьдарсан, хийсэн бүтээсэн зүйлтэй, хөдөлмөрч хүмүүсийн намтар түүхийг унших дуртай. Тэдгээр хүмүүсээр хөглөгддөг. Өнгөрснөө эргэж харахад хийсэн бүтээсэн зүйлгүй байна гэдэг л аймшигтай.

Д.О. Таны бодлоор эмэгтэй хүн ямар үедээ хамгийн үзэсгэлэнтэй харагддаг юм бол?

Ү.Ю. Ээж болох, жирэмсэн байх тэр үедээ л хамгийн сайхан. Хүрч болох гоо үзэсгэлэн, утга учрынх нь оргил байдаг байх даа. Тийм үзэсгэлэнг ямар ч үнэтэй брэнд, сайхан хувцас өгч чадахгүй. Зүгээр л байж байгаа нь хайр татам байдаг шүү дээ. Хүүхэд төрүүлнэ гэдэг мэдээж эмэгтэй хүн бүрийн үүрэг хэдий ч энэ нь эмэгтэй хүн зөвхөн хүүхэд төрүүлэх, гэрийн эзэгтэй байхад л зориулагдсан гэсэн үг биш л дээ. Эмэгтэй хүн дуртай ажлаа хийж, түүгээрээ хөглөгдөж амьдрахад өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, өнгө зүстэй, үргэлж сайхан харагддаг.
start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Үнэн үг

Сайхан ярилцлага өгчээ. Харих замдаа Гоо даль худалдаж аваад охиндоо бэлэглэнээ.

azula (зочин)

nice :)

Цэцгээ

Сайхан ярилцлага болжээ:) Үргэлж энэ хэвээрээ улам ихийг хийж бүтээгээрэй:)

zazaa (зочин)

эмэгтэй хүн ямар үедээ хамгийн сайхан харагддаг юм бол?
Ээж болох, жирэмсэн байх тэр үедээ л хамгийн сайхан.

яасан гоё хэлээ вээ

сайхан ярилцлага болжээ. ажлын амжилт хүсье

jargal (зочин)

bayarlalaa yariltslagaa share hiisend
tanii zagvaruud goeshu

Атаархуу Азаа

та үнэхээр ухаалаг сайхан ярилцжэээ
таны загвараас нэг ч болов зүйлийг нь өөрийм болгомоор санагдаал суухымда

хайгуулчин (зочин)

Шинийг хайх эрлийн өглөө..........нээрээ л өглөө болгон эрлийн өглөө...Би өдөр бүр өөрийгөө хайж байна. би хэн юм болоо? би юу хийж амьдрах ёстой юм болоо? гээд л.. танийг мэддэг болсноосоо хойш танаар дандаа бахархаж, бодол санаанаас минь та гарахаа байгаад байна. би багаасаа л дизайнер болохыг мөрөөддөг байлаа..өөрийнхөө загварын шоуг хийгээд л ftv-гээр миний загварууд гараад л... 10 жилд байхдаа үнсгэлжин энэ тэр гээд л тэмцээн уралдаанд оролцоод л... даанч дээд сургуульд орсноосоо хойш зам муруйсандаа..гэхдээ одоо ч гэсэн одоо хийж байгаа ажлаа хаяаад дизайнаараа суралцаад мөрөөдлөө биелүүлдэг ч юм билүү гээл бодоод байгаа энэ таниас авсан энерги юм шүү..үнэхээр л хийж байгаа ажлаасаа таашаал авч амьдармаар байх юм. тань шиг боож үхмээр түгжрэлд хүртэл тайван амгалан элдвийг ажсан шигээ байх юмсаан...

SUNShine®

Thanks all :))
Хайгуулчин: Баярлалаа
Анхаан, юу ч байсан оройтно гэж байдаггүй юм аа :)
чи миний сургалтанд сууж болно шдэ

bentelbell (зочин)

мундаг бүсгүй шүү,

sono78 (зочин)

WOW! Thank you. I wish you all the best!

dino (зочин)

Bi ch bas haiguulchin shig zam muruisan negen. Baga bhdaa huurhun chihmel togloom, daawuun uurgevchtei bolohiig ih muruuddug bj bilee. Ter ued oros tsunh baridag, terneesee ih zalhdag bj bilee. Tegeed arai tom bolj, zarim hereggui huwtsas, ene terhniig ewdeh erh medeltei bolood uurgevch oysoon, ter uedee neg heseg l tuugeeree gangarsan. Tanii blogiig sayhnaas meddeg bolood ih bayartai bga. Nomiig chin olj awah geed internom orson chin bhgui bnale. Haanaas tanii nomig awch boloh we? bas tanii surgaltand hamragdmaar l bna

Цээгий

Ухаалаг сайхан эгчийн сэтгэлээсээ ярилцсан гоё ярилцлага байнаа. Үргэлж сэтгэгдэл үлдээгээд байдаггүй ч гэсэн бичлэгүүдээс чинь маш их эрч хүч, мөрөөдлийг олж хардаг. Таныг хараад, таны бичлэгүүдийг уншаад тан шиг хийсэн бүтээсэн зүйлтэй, түүгээрээ бахархаж чаддаг, нийгэмдээ хүндлэгдсэн мундаг эмэгтэй болно оо гэж боддогийм. Одоо бол би мөрөөдлөөр л зүрх сэтгэлээ дүүргэсэн энгийн л нэг оюутан охин. Тэгэхдээ мөрөөдлүүдээ биелүүлэхээр бага багаар урагшлаад л байгаа. Та надад блогчин, дизайнер гэхээсээ илүү хайртай эгч шиг минь сайхан дотно санагддагийм :) Хэдийгээр миний мөрөөдөл хувцас загвартай холбоогүй ч гэсэн бас их олон зүйлээрээ адилхан санагддаг. Найз маань дизайнер болохыг их хүсдгийм, тэгээд таны номыг бэлэглэнээ л гэж бодоод байгаа.
Амжилт хүсье, сайхан эгч минь! ;)

chimee (зочин)

Tiim ee, uneheer neg l dotno medremj zurhend ulddeg. Bi setguulch mergejiltei umnu n tanias zagwariin shownii uyer chin halit yaria awch blaa. Harahad dulaahan tiim gehiin argagui engiin hernee ihemseg tiim egch setgeld min uldsen. Odoogoos barag 3.4 sariin umnu tanii blogiig sanamsargui bdlaar olj uzeed, baharhah setgel turj bilee. Bi odoogoor gertee nyalh jaahan ohidoo haraad ajildaa orolgui gertee ene met blogchdiin egneend negdeed l suuj bndaa. Ta my blogoor zochilj bolno. www.simchimee.blog.gogo.mn....Ajildaa orohooroo tanitai hamgiin turuund uulzaj setgel dotno yariagaa urnuuleh bolno. Gertee barag 4.5 jil suuchihlaa. Ene hugatsaand gar urlaliin buhii l zuilsiig youtube-s surch urlaj uzlee. Tugs sursan gej helehgui hiij uzeegui zuil uldsengui. bur deel hantaaz uuj geed oyogui zuil ch bhgui. Heneer ch zaalgaagui zun medremjeere hiij bgaa bolohoor bolhi zuil ih l bgaa bh l daa. Gehdee l ohiddoo uurtuu nuhurtuu, emee uwuuduu uuriin garaar urlaj ugnu gedeg setgel shineed shn bgaa. BI tanii surgaltand zaawal suuh bolno. Gehdee huuhedee haruulah huntei bolchihood eswel ajildaa orohooroo...bi uneheer tugs buteel tuurvihiig husej bn. Germanii Tv-iin setguulchid ireed TV-iin setguulchdiin dund mergejil deeshluuleh surgalt yawuulsan. Tuhain uyd ted namaig hamgiin onowchtoi onshilson gej boddog. Chamaig todorhoilohod hetsuu blaa. Chi aliw zuiliig tiim gehiin argagui hurdan surch, hurdan oilgoj, mash hurdtai heregjuuldeg...chi sn setguulch bh bolno gej uram ugch blaa. Gewch udalgui Angli yawaad ireed 2 ohinoo turuuleed geriin deediin uilchin zuraach, zohiolch emegtei bolj huwirsan. Uuriiguu dugnehed aliw mash hurdan suraad daraagiin zuiliig hurdhan surah gej temuuldeg shunal maani erch huchiig maani uduuj ugdug. BI odoo uuruu bish bagshaar zaalguulj neg zuilee mash sn surahiig husej bn. Tiimees Tand shawi oroh bolno. Harin ta nadad surgaltiinhaa talaar delgerengui bichij uldeehiig hicheegeerei. 7 honogt hed we hedees heden tsagiin hoorond...urlan haana bg geh met...za ta hiisen zuiltei, buteesen buteeltei bolson tiimees odoo uuriiguu PR-dah l uldlee. Ta bugdiin tanil erhemseg emegtei boloh heregtei. Ta buh hund huleen zuwshuurduj tur zasgaas undur deed shagnal hurteh tsag hugatsaa bolson gej uzej bn...TA denduu daruuhan bolood l...heseg buleg humuusiin dund uuriiguu taniulj bgaa n haramsaltai bn. Ta hairtai ardiinhaa ohin n boloh heregtei shu. AJildaa orohooroo taniig bi PR-dah bolnoo...Amjilt..bas dahin amjilt...yagaad bolohgui gej , horwood hezee bolohgui butehgui zuil gej ugui...ene duugiinh n heleh durtai ug...za tandaaq ololt...amjilt...yalalt bugdiig husye...tur bye.

SUNShine®

@bentelbell: баярлалаа ;)
@Sono78: Баярлалаа
@Dino: Баярлалаа, ном надаас авч болно. 91649211 дугаараар холбогдоод ирээрэй. Ном маань ер нь дуусах тийшээ хандаж байна
@Сэтгэлийн_аялгуу: Баярлалаа :)) ямар сайхан сэтгэгдэл вэ? би мөрөөдлийнхөө хойноос уйгагүй явж байгаа :), чи ч бас тэгээрэй
@chimee: сайн уу? Маш их баярлалаа :), би ер нь даруу байх дуртай юм хүн л дээ, Чи харин мундаг байна шдэ өөрөө оеж урлаад би бас чамаар бахархаж байна, гэртээ хүүхдээ харахдаа цагийг зөв үр ашигтай өнгөрөөгөөд :), чамд мөн амжилт хүсье.
Надруу 91649211 ээр холбогдоорой за :)

:) (зочин)

amjilt

BLooDAiR.Tk (зочин)

BLooDAiR.Tk -д мэдээний админ яаралтай авна.Холбогдох хаяг : css_monsters@yahoo.coom -д хандана уу!

luka (зочин)

Эрхэмсэг, энгийн...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)