SUNShine® : Зуны аялал

Зуны аялал

Сайн байцгаана уу?
4500 км зам туулаад сайхан аялаад, сайн яваад ирлээ. Өвөрхангай, Булган, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор ороод нийт 11 өдрийн аялал байлаа. Амралт гэхээсээ илүү богино хугацааны боловч маш сайхан адал явдалтай аялал боллоо. Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Тэлмэн нуур, Хяргас нуур, Увс нуур, Үүрэг нуур, Ачит нуур, Толбо нуур, Хар-ус нуур, Дөргөн нуур, Бөөн Цагаан нуур гээд "Нуур аялал" гэж нэрлэж ч болхоор аялал байлаа.

Анх бол Увс аймаг руу аялахдаа замаараа Хөвсгөлд амрах зорилготой байсан боловч 12-ны өдөр үүрээр Улаанбаатар хотоос гараад замдаа явж байтал Хөвсгөлд байгаа хүмүүсийн мэдээлэл нь хүйтэн зутруу бороотой байна гэхийг сонсоод маршруутаа тэр дор нь өөрчлөөд Өгийн нуур дээр хоноод Увсын зүг хөдөлхөөр болсон :). Замаараа мэдээж Архангай, Завхан аймгаар дайрч явсан. Тэлмэн нуур, Тэрхийн цагаан нуур дээр хоноод Увс аймаг орлоо. Уг нь анхны төлөвлөгөө Увсын гое газруудаар явж амарч байгаад ирсэн замаараа буцах төлөвлөгөөтэй байсан боловч нэгэнт тийм хол оччихсон байж нэг мөсөн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудаар дайрч явахаар шийдээд  бид замдаа гарцгаасан. Баруун аймгуудын сүрлэг уулсыг давж маш гое газруудыг үзээд ирлээ. Мэдээж замд хөгтэй хөгжилтэй явдлуудаар дүүрэн байлаа. 
Замд явахдаа бид Д. Өлзийбаатарын "Монголчууд цахим түүх"-ийн CD сонсож явахдаа  мэдэхгүй зүйлээ мэдэж авч, Монголынхоо сайхан нутгийг биширч явлаа.

За тэгээд тайлбартай зургууд үзээрэй :)


Булганаар Хөвсгөл явах гэж байснаа замаасаа буцаад Өвөрхангайгаар явахаар шийдээд явж байгаа нь.  3 өдөр замд бороо ороод жаахан зутарсан.


Архангай аймаг. Үнэхээр сайхан нутаг байна лээ.

Чулуутын гол

Архангай, Тайхар чулуу


Тэрхийн цагаан нуур дээр хоноод Завхан руу хөдлөв.

 Архангайгаас Завхан ороход бороо цас болон хувирав. 

Завхан, Солонготын даваа

Зун цасаар тоглоод сонин л байлаа :)


Тэлмэн нуурын хажуу уулан дээр хонов. Бороо намдаж тэнгэр цэлмэж эхлэв :)

Замын амттай хоол :)

Урт зам туулахад туслах жолооч хийв. Хар шулуун зам дээр барьж жолоочоо амрааж байлаа. Бид 4 үүлээ явсан бөгөөд нэг талынхаа суудлыг буулган урт ор засаж явах их хэрэгтэй юм байна лээ шүү :). Нэг нэгээрээ амарч явсаан.


Тосонцэнгэлийн уулан дээр. Манайхаар бол Зайсан толгой.

За тэгээд маш урт зам туулж Увс аймагт ирж хамгийн түрүүнд Хяргас нуурын Хэцүү хад дээр нэг хонов.  :) Хяргас нуур үнэхээр үзэсгэлэнтэй нэг л өөр ертөнцөд очсон мэт гайхалтай юм байна лээ.


Нар жаргахын өмнө







Үнэхээр эндээс явмааргүй л байлаа.

За тэгээд Улаангом хотод ирж, надтай хамт ажиллаж байсан оёдолчин эгч гэртээ урьж бид аян замын алжаалаа тайллаа. 

Улаангом хотын Улаан уул

Увс нуурын эрэг дээр 1 хонолоо. Замын турш ерөнхий тогооч хийв :) Увс нууранд орж нилээн хэвтсээн. Их сайн гэсэн. Энэ өвөл ханиад томуу хүрэхгүй гэсэн шүү :) Харин нуурын эрэг дээр хоноход хамгийн хэцүү зүйл нь шумуул. Шумуулнаас хамгаалах тос түрхээд, гал түлж хомоол түлсэн ч юуг нь ч тоохгүй дайраад л байх юм билээ.



Увс аймгийн Давст сумын төв талбай дээр


Давст сумын мүзей үзсэн.




За тэгээд Увсын Үүрэг нуур дээр ирэв. Энэ нуур их гое юм байна лээ. Яг Хөвсгөл нуур шиг цэнгэг, цэв хүйтэн устай.


Увсаас Баян-Өлгий явах замд







Ачит нуурын эрэг дээр. Энэ хавиар ямар ч хүн амьтан байхгүй. Бас л нэг өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Өндөр уулс давсаар Өлгий хотод ирлээ. 
Миний сургалтанд сууж байсан шавь нараас маань  3 охин Өлгийд амьдардаг. Би Facebook дээрээ пост бичсэн байсныг хараад  нэг нь надтай холбогдож гэртээ урив. Шавь Нурсауль, Айгуль 2-тоо баярлалаа :). 



Шавийнхаа урлан дээр


Шавийндаа зочилж оройн хоол идчихээд бид Толбо нуурын эрэг дээр хонов.




Эндээс Ховд аймаг руу хөдлөв.


Ховд хотод. 

Ховд хотын нэгэн хоолны газар ортол өвөөгийн маань зурсан өвгөн хуурчийг модоор сийлсэн байв.
Ховдоос Говь-Алтай аймаг руу


Замд бөхөн гөрөөс тааралдаж машинаас зургийг нь авав.



Говь-Алтай Монгол элс



 За тэгээд Говь-Алтайн 9 гайхамшигийн нэг Хүнхэрт ирлээ.


Энд уулнаас урсдаг олон рашаан байдаг юм байна. Толгойн, элэг, бөөр, нүдний, уушигны гээд рашаануудаас хүртлээ.

Агуй дотор байх уушгины рашаан.

Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газар юм аа. Дараа нь зөвхөн ийшээ зорьж ирж амармаар санагдсан.

Бид энэхүү аялалд дөрвүүлээ явсан бөгөөд бензин түлш, хоол унд гээд нийтдээ 1.800.000 төгрөгийн зардал гарсан. Аян замд авч явсан зүйлс гэвэл Facebook -ээр аялалд явахад хэрэгтэй жагсаалтууд яваад байсан, тэр жагсаалтыг харж байгаад л юмнуудаа бэлдсэн. Замдаа нуурын эрэг, уулын орой дээр майхнаа засаж, хоол ундаа хийж идээд явсан. Ирж очиход 3200 км боловч очсон газар бүртээ сайхан газруудаар нь явсан тул хотоос гараад нийт 4500 туулсан байна. Биднийг ийм хол газар нэг машинтай явахад замын хүмүүс их гайхаж байсан. Машин тэрэг чинь эвдэрвэл яаана, шавар шавхайнд суувал яаана, ямар зоригтой явдаг юм бэ гэцгээж байсан. Баруун аймгуудаар явахад зам хэцүү байсаан, хичнээн ч өндөр уулс хадыг давсан юм. Бид GPS-ээ асааж явсан тул нэг их төөрөөгүй, энэ зам нь хэцүү тул өөр замаар яв гэж нутгийн иргэд зааснаар явахдаа л бид бага зэрэг будилж төөрсөн. Нэг удаа нуурын эрэг дахь шаварт суусан, буцах замд Говь-Алтайд 2 дугуй ташраараа хагарсан. Нэг запас дугуйгаа сольж нөгөө дугуйг нь азаар сумын төвөөс 20 км ойрхон байсан тул замын мотоциклтэй хүн тус болж бидний нэг нь дугуйгаа тэврээд мотоциклэн дээр сууж сумын төв өрж дугуйгаа янзлуулаад ирсэн. Иймэрхүү л саад бэрхшээл бага зэрэг тулгарсан. Бид замд явахдаа очих газраа судлаад хэдэн цаг явж очвол хаана хонох боломжтойгоо хараад л өдөрт нь газар үзэж давхиж байгаад орой нь аль нэг нуурын эрэг эсвэл уулын орой дээр бууж хонож байсан. Хичнээн сүрдэж биширмээр харагдавч яг өндөр уулсыг давах даваанууд миний хувьд хамгийн аймаар байсаан :P. 


Зураг гэвэл тоймгүй их зураг байна, Эхний ээлжинд шилж сонгоод эдгээр зургуудыг орууллаа. Дараа нь Update хийнээ :).




start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
エンフシ

Сайн уу. Богинохон хугацаанд ч гэсэн ажаал ядаргаагаа гаргах гэж сайхан газруудаар яваад иржээ.

Зуугийн Сүм. (зочин)

Сайхан аялаал болжээ..явж үзиээр санагдтал зураг оруулан,бичжээ.Гялайлаа.

Хармогү

Сайхан эх орон минь дэээ. Та ч бас үзэсгэлэнтэй шүү.

мм (зочин)

сайн байна уу?
та сургалтаа хичээллүүлэх үү? таны сургалтанд суумаар байна

Батхишиг (зочин)

Сайн байна уу,
Би таныг FB-р дагадаг, оруулсан постыг чинь уншдаг тийм хүн байгаа юм хэхэ, Өнөөдөр харин таны блог руу ороод хэд хэдэн тэмдэглэл уншаад сууж байна. Их гоё ойлгомжтой сайхан бичих юмаа. Оруулсан бүх тэмдэглэлийг нь уншиж дуусгах бодол төрлөө кк бас их гоё инээмсэглэлтэй шүү та, амжилт зөндөө олон тэмдэглэл оруулаарай

Me (зочин)

Ijil zamaar ijil aimguudaar bas same time yavjee.
Saihan aylj :-)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)